Privacy notice

How Loom handles your personal data.

Published 11 October 2026.

ASCENDIA LABS LLC — НУУЦЛАЛЫН БОДЛОГО (PRIVACY POLICY)

Үйлчилгээ үзүүлэгч: ASCENDIA LABS LLC

Регистрийн дугаар: 7332641

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, ТК30-21

Холбоо барих: founder@loom.mn

Энэхүү баримт бичигт "Ascendia Labs", "Loom" эсхүл "Бид" гэж "Асендиа Лабс" ХХК-ийг; "Та" гэж Loom платформыг ашиглаж буй захиалагч, бүтээгч болон бүтээгчээр бүртгүүлэх өргөдөл гаргасан этгээдийг ойлгоно.

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү бодлого нь Loom Таны ямар хувийн мэдээллийг цуглуулж, ямар зорилгоор ашиглаж, хэнд харуулж, хэдий хугацаанд хадгалах болон Та ямар эрхтэй болохыг тайлбарлана.

1.2. Loom нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч мөн.

1.3. Loom нь кампанит ажил бүрд захиалагч болон бүтээгчийн гэрээний нөгөө тал байна. Захиалагч Loom-той, бүтээгч Loom-той тус тусдаа гэрээ байгуулна. Захиалагч, бүтээгч хоёр хоорондоо гэрээ байгуулахгүй.

2. ЗАХИАЛАГЧААС ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

2.1. Бүртгэл үүсгэхдээ өгсөн нэр, цахим шуудангийн хаяг, байгууллагын нэр, утасны дугаар. Цахим шуудангийн хаягаа баталгаажуулсны дараа Та платформыг ашиглах боломжтой болно.

2.2. Кампанит ажлын мэдээлэл: бүтээгдэхүүн, зорилтот хэрэглэгчид, санаа, эцсийн өдөр, лавлагаа болгон оруулсан файл, бичлэгт үлдээсэн тэмдэглэл болон тухайн тэмдэглэлийг үлдээсэн секунд.

2.3. Төлбөрийн бүртгэл: дүн, гүйлгээний код, Та шилжүүлэг хийснээ мэдэгдсэн өдөр, Loom төлбөрийг баталгаажуулсан өдөр.

2.4. Loom нь Таны карт болон интернет банкны нэвтрэх мэдээллийг харахгүй, хүлээн авахгүй, хадгалахгүй. Төлбөрийг Та өөрийн банкаар дамжуулан шилжүүлнэ.

3. БҮТЭЭГЧЭЭС ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

3.1. Instagram хаяг, нэр, дагагчийн тоо болон Таны хуудсанд нийтэд нээлттэй байгаа бусад үзүүлэлт. Та өөрөө өргөдөл гаргасан бол эдгээрийг Та өгсөн. Loom Таныг урьсан бол Loom-ийн ажилтан эдгээрийг Таны нээлттэй хуудаснаас авч, бүртгэл баталгаажуулах холбоос илгээсэн.

3.2. Бүртгэлээ баталгаажуулахдаа өгсөн цахим шуудангийн хаяг, утасны дугаар.

3.3. Шан хөлс шилжүүлэхэд шаардлагатай банкны нэр, дансны дугаар, данс эзэмшигчийн нэр.

3.4. Ажлын хүрээнд илгээсэн зүйлс: бичлэгийн хувилбар бүр, бичлэгийн тайлбар, нийтлэгдсэн бичлэгийн холбоос, Таны илгээсэн статистикийн дэлгэцийн зургаас Loom-ийн ажилтны бүртгэсэн үзэлт, таалагдсан болон сэтгэгдлийн тоо.

3.5. Шан хөлсний бүртгэл: дүн, олгохоор баталсан өдөр, шилжүүлсэн өдөр. Шан хөлс бүрд тухайн өдрийн дансны мэдээллийн хуулбар хадгалагдана. Иймд Та дансны мэдээллээ дараа нь өөрчилсөн ч өмнөх бүртгэл өөрчлөгдөхгүй.

4. БҮХ ХЭРЭГЛЭГЧЭЭС ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

4.1. Та үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд Таны уншсан бүрэн эх бичвэр, хүлээн зөвшөөрсөн өдөр, цаг болон IP хаягийг хадгална. Энэ бүртгэл нь Таны юуг зөвшөөрснийг нотлох баримт бөгөөд өөрчлөгдөхгүй.

4.2. Платформ дээр хийгдсэн үйлдлийн бүртгэл: хэн, хэзээ, юуг, ямар шалтгаанаар өөрчилснийг хадгална. Ингэснээр кампанит ажлын явцыг эхнээс нь дуустал сэргээн харах боломжтой.

4.3. Нэвтрэх, бүртгүүлэх оролдлогын тоог Таны цахим шуудангийн хаяг болон IP хаягаар тоолно. Энэ нь нууц үг таах халдлагаас хамгаална. Уг тоолуур нэг цагийн дотор автоматаар устана.

5. КҮҮКИ (COOKIE)

5.1. Loom гурван күүки ашиглана. Нэг нь Таны нэвтрэлтийг хадгална, нэг нь нэвтрэлтийг сунгана, нэг нь Таныг платформын аль хэсэгт хамаарахыг тэмдэглэнэ. Гурвуулаа нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай.

5.2. Loom зар сурталчилгааны, аналитикийн болон гуравдагч этгээдийн мөрдөх күүки ашиглахгүй.

5.3. Loom Таны үзсэн зүйлд тулгуурлан хувийн профайл үүсгэхгүй бөгөөд Таны мэдээллийг хэнд ч худалдахгүй.

6. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ

6.1. Гэрээг биелүүлэх. Бүтээгч сонгох, даалгавар өгөх, бичлэг хянах, шан хөлсийг зөв хүнд зөв дүнгээр төлөхөд дээрх мэдээлэл шаардлагатай.

6.2. Хуулиар хүлээсэн үүрэг. Санхүүгийн бүртгэл болон нөхцөл хүлээн зөвшөөрсөн бүртгэлийг Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

6.3. Хууль ёсны ашиг сонирхол. Үйлдлийн бүртгэл болон нэвтрэх оролдлогын тоолуурыг залилан, зүй бус ашиглалтыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хөтөлнө.

7. МЭДЭЭЛЭЛД ХАНДАХ ЭТГЭЭД

7.1. Захиалагч зөвхөн өөрийн кампанит ажилд сонгогдсон бүтээгчийн Instagram хаяг, нээлттэй үзүүлэлт, илгээсэн бичлэгийг харна. Захиалагч бүтээгчийн шан хөлс, дансны мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг харахгүй бөгөөд Loom-оор дамжуулан бүтээгчтэй холбогдох боломжгүй.

7.2. Бүтээгч өөрт ирсэн ажлын саналын захиалагч, даалгавар, өөрийн бичлэгт үлдээсэн тэмдэглэлийг харна. Бүтээгч тухайн кампанит ажлын бусад бүтээгчийг болон захиалагчийн төлсөн дүнг харахгүй.

7.3. Loom-ийн админ бүх мэдээллийг харна. Бүтээгч сонгох, даалгавар бичих, бичлэг шалгах, төлбөр баталгаажуулах, шан хөлс олгох ажлыг хүн гардан гүйцэтгэдэг.

7.4. Loom хувийн мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй. Энэхүү бодлогод заасан болон хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

8. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

8.1. Supabase: өгөгдлийн сан, нэвтрэх систем болон бичлэг, даалгаврын файл, төлбөрийн баримт, статистикийн дэлгэцийн зураг хадгалах файлын сан.

8.2. Vercel: платформын хостинг.

8.3. Resend: баталгаажуулалт, санал, сануулга, мэдэгдлийн цахим шуудан хүргэх.

8.4. Эдгээр байгууллага нь Loom-ийн зааврын дагуу ажилладаг мэдээлэл боловсруулагч бөгөөд Таны мэдээллийг өөрийн зорилгоор ашиглахгүй. Тэдгээрийн сервер Монгол Улсаас гадна байрладаг тул Loom-ийг ашигласнаар Таны мэдээлэл гадаад улсад хадгалагдаж, боловсруулагдана.

8.5. Бүртгэл баталгаажуулах холбоосыг цахим шуудангаар биш, Instagram-ын шууд мессежээр илгээнэ. Иймд Instagram нь Loom Таны хаяг руу мессеж илгээснийг мэднэ. Үүнээс өөр мэдээллийг Loom Instagram-д өгөхгүй.

9. ХАДГАЛАХ ХУГАЦАА

9.1. Бүртгэлийн мэдээллийг Таны бүртгэл хүчинтэй байх хугацаанд хадгална.

9.2. Нөхцөл хүлээн зөвшөөрсөн бүртгэл болон төлбөр, шан хөлс, тэдгээртэй холбоотой үйлдлийн бүртгэлийг хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална. Энэ хугацаа дуусахаас өмнө Таны хүсэлтээр устгахгүй.

9.3. Бичлэг болон даалгаврын файлыг кампанит ажил дууссанаас хойш 12 сарын дараа устгаж болно. Тэдгээр байсан тухай болон тэдгээрийн талаар гарсан шийдвэрийн бүртгэл хадгалагдана.

9.4. Нэвтрэх, бүртгүүлэх оролдлогын тоолуур нэг цагийн дотор автоматаар устана.

10. ТАНЫ ЭРХ

10.1. Та Loom-д хадгалагдаж буй өөрийн мэдээллийн хуулбарыг авах, буруу мэдээллийг засуулах, бүртгэлээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

10.2. Ихэнх мэдээллээ Та тохиргооны хэсгээс өөрөө засах боломжтой. Бүтээгч цахим шуудангийн хаяг, утасны дугаар, дансны мэдээллээ, захиалагч байгууллагын нэр, утасны дугаараа өөрчилж болно.

10.3. Бүртгэл устгуулах хүсэлтээ founder@loom.mn хаягаар илгээнэ үү. Loom бүртгэлийг устгахдаа хувийн мэдээллийн талбаруудыг таних боломжгүй болгоно. Хүлээн зөвшөөрсөн нөхцөл болон мөнгөн гүйлгээний санхүүгийн бүртгэлийг хуулийн дагуу хадгалах бөгөөд үлдсэн бүртгэлээр Таныг таних боломжгүй.

10.4. Loom хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгнө.

11. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

11.1. Бүх мэдээлэл HTTPS шифрлэлтээр дамжина. Бичлэг, төлбөрийн баримт, статистикийн дэлгэцийн зургийг хаалттай санд хадгалах бөгөөд хандах эрхийг шалгасны дараа олгох богино хугацааны холбоосоор л нээнэ.

11.2. Дансны дугаарыг платформын бүх хэсэгт сүүлийн дөрвөн оронгоос бусдыг нь далдалж харуулна. Шан хөлс шилжүүлэхэд ашигладаг админы нэг дэлгэц л бүтэн дугаарыг харуулах бөгөөд уг дэлгэцэд хандсан бүрийг үйлдлийн бүртгэлд тэмдэглэнэ.

11.3. Нэвтрэхдээ нууц үг ашиглана. Нууц үгийг Supabase-ийн нэвтрэх систем шалгах бөгөөд Loom Таны нууц үгийг харахгүй, хадгалахгүй.

12. НАСНЫ ШААРДЛАГА

12.1. Loom нь насанд хүрэгчдэд зориулагдсан. Бүртгэл эзэмших, үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, шан хөлс авахын тулд Та 18 нас хүрсэн байна.

13. БОДЛОГОД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

13.1. Loom цуглуулах мэдээлэл эсхүл түүнийг ашиглах зорилгоо өөрчилбөл энэхүү бодлогыг шинэчилж, шинэ хувилбарыг нийтэлнэ. Нийтэлсэн өдрийг энэ хуудсанд харуулна.

13.2. Чухал өөрчлөлтийг Танд цахим шуудангаар мэдэгдэнэ.

14. ГОМДОЛ ГАРГАХ

14.1. Loom Таны мэдээлэлтэй зүй бус харьцсан гэж үзвэл founder@loom.mn хаягаар мэдэгдэнэ үү. Loom гомдлыг шалгаж, хариу өгнө.

14.2. Та Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон хуульд заасан эрх бүхий бусад байгууллагад гомдол гаргах эрхтэй.